Төслийн танилцуулга

“Бэрэн Майнинг” ХК нь анх 2006 онд “Бэрэн Групп” ХХК-ийн охин компани болон байгуулагдаж Монгол Улсын хар төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрших “Тамирын гол”-ын төмрийн хүдрийн ордын ашиглалтын асуудлыг хариуцаж жилдээ 250 мян.тн 63-67%-ийн төмрийн агуулгатай хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрийг 2007 онд ашиглалтанд оруулсан.  

Үйлдвэрийн байршил нь Улаанбаатар хотоос 420 км, Архангай аймгийн Цэцэрлэг хотоос 70 км, Төвшрүүлэх сумын төвөөс хойшоо 40 км, Хотонт сумаас 30 км, Өгий нуур сумаас 20 км зайд байрладаг. Хотонт, Өгий нуур сумыг холбосон 35 кВт–ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар дамжуулан үйлдвэрийг эрчим хүчээр хангадаг.
]Манай компани нь Архангай аймгийн Төвшрүүлэх суманд үйлдвэрлэлийн зориулалттай 408 га талбай бүхий газартай. Мянганы хэвтээ тэнхлэгийн Улаанбаатараас Цэцэрлэг чиглэлийн хатуу хучилттай замаас 35 км зайтай байрладаг нь эдийн засаг, дэд бүтцийн таатай нөхцөлд оршиж байна.

Бид Архангай аймгийн Төвшрүүлэх суманд ашигт малтмалын ашиглалт явуулах 9772А тусгай зөвшөөрлийг авч, Тамирын гол төмрийн хүдрийн ордын өмнөд хэсэгт гүйцээх хайгуул хийж, хайгуулын ажлын үр дүнгийн

тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн 2008 оны 3 сарын 6-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 81 тоот тушаалаар Тамирын голын өмнөд хэсгийн төмрийн хүдрийн бодитой (B) нөөцийг 1,805 мян.тн, боломжтой (С) нөөцийг 2,736.15 мян.тн-оор нөөцийг бүртгэн авсан байна. Мөн дээр дурьдсан төмрийн хүдрийн ордоос гадна хайгуул хийж, нөөцийг баталгаажуулсан Хадат Толгойн орд, Өлзийтийн орд, Цэнхэрийн орд зэрэг 3 ордыг эзэмшиж байгаа бөгөөд бүх ордын нийлбэр нөөц нь 84.6 сая.тн байна.

2011 оны 11 сард Тамирын голын ордын В зэрэглэлийн 1,805 мян.тн, С зэрэглэлийн 2,736 мян.тн нийт 4,541 мян.тн болон Хадат толгойн ордын С зэрэглэлийн 4,145 мян.тн нийтдээ 8.6 сая.тн төмрийн хүдрийн нөөц дээр суурилсан жилд 500 мян.тн баяжмал, 300 мян.тн Шууд Ангижруулсан Төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн өргөтгөлийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг АМГ-ын Эрдэс Баялагын Мэргэжлийн Зөвлөлөөр баталсан.
ТЭЗҮ-ээр өргөтгөсөн үйлдвэр 10-11 жил ажиллах бололцоотой. Дээрхи хугацаанд үнэт цаас гаргагчийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 4 ордын таамаг нөөцийг үйлдвэрлэлийн зэрэглэлд шилжүүлснээр үйлдвэрийн ажиллах хугацаа уртсах бүрэн боломжтой.

Дэлхийн зах зээл дээрх төмөрлөгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, урд хөрш БНХАУ-д үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжиж байгаагийн хэрээр төмрийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь “Бэрэн Майнинг” ХК-ийн үйл ажиллагаагаа өргөтгөх, Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Манай компани нь төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар өөрийн компанийн 30%-ийг олон нийтэд санал болгон гаргаж нийт 130.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж 2007 онд байгуулсан төмрийн хүдрийн баяжуулах жилийн 250.0 мян.тн хүчин чадалтай үйлдвэрийг өргөтгөн 2014-2018 онд 500 мян.тн хүчин чадалтай болгохоор төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь байгуулсан үйлдвэрт жилд 410.6 мян.тн хүдэр олборлон, 250 мян.тн баяжмал үйлдвэрлэхээр зорьж байсан бол шинээр баригдах өргөтгөл үйлдвэрийг байгуулснаар уурхай нь жилд 900-1,050 мян.тн хүдэр олборлон нийлүүлж, жилд 500 мян.тн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох юм.
Үйлдвэрлэн гаргах 500 мян.тн 63-67%-ийн төмрийн агуулгатай төмрийн баяжмалын 84%-ийг баяжуулах үйлдвэрийн дэргэд баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрт, үлдэх 16%-ийг дотоодын аж ахуй нэгжүүдэд болон экспортод гаргахаар тооцоолоод байна.
Баяжуулах үйлдвэрийн зэргэлдээ баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэр нь жилдээ 300 мян.тн 88-92%-ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэж,  дотоодын болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөөд байна.

Үнэт цаасны мэдээлэл

“Бэрэн Майнинг” ХК-ийн олон нийтэд санал болгох энгийн хувьцааг СЗХ-ны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот тогтоол, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 418 дугаар тогтоол, МХБ-ийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 163 дугаар тогтоолоор тус тус бүртгэгдсэн.

Санал болгох үнэт цаасны товч мэдээлэл

Нэрлэсэн үнэ:
157.35 төгрөг
Нийт гаргах хувьцааны ширхэг:
1 740 813 320 ширхэг
Үүсгэн байгуулагчдын хөрвүүлэн эзэмших хувьцааны нийт ширхэг:
1 218 569 324 ширхэг
Хөрвүүлэх хувьцааны хувь:
70%
Олон нийтэд санал болгож буй үнэт цаасны тоо ширхэг:
522 243 996 ширхэг
Олон нийтэд санал болгох хувь:
30%
Олон нийтэд санал болгох үнэ:
250 төгрөг
Олон нийтэд санал болгох арга:
Тогтоосон үнийн арга
Татан төвлөрүүлэх үнийн дүн:
130 560 999 000 төгрөг
Үнэт цаасны арилжаа:
Хувьцааны арилжаа нь МХБ-ийн гишүүн Брокер Дилерийн компаниудаар дамжуулан МХБ дээр арилжаалагдана.