Манай орны хувьд аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан тухайн орон нутгийн түүхий эд, харьцангуй давуу талд тулгуурлан үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолборыг зохион байгуулалттай хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах нь тулгамдсан зорилт болж байна.
Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжтой юм. ЦНЗ-ны үндсэн түүхий эд болох хаягдал төмрийн дотоодын нөөц эрс ховордсон, түүний зах зээлийн үнэ огцом өсч импортоор авч ашиглах бололцоогүй байдалтай байгаа нь тухайн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэхэд манай улсын нөхцөл байдалд тохирсон металлургийн шинэ техник, технологи нэвтрүүлэн ашиглах асуудалд анхаарлаа хандуулж, ажил хэрэг болгох цаг нэгэнтээ бидний өмнө тулгараад байна.
Төслийн байршил нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багын нутагт бөгөөд “Хөх ган” ХК ангижруулсан төмрийн үйлдвэр, Домен зуух бүхий шингэн ширэмийн үйлдвэр зэрэг түүхий эдийн тасралтгүй нөөц бололцоо бүхий дэд бүтэц, зах зээл харьцангуй сайн хөгжсөн, Монгол Улсын Их хурлын тогтоолын дагуу зөвшөөрөгдсөн “Үйлдвэр, технологийн парк”-ийн бүс нутагт оршино. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт 15.6 га газарт байрлах юм.
Үйлдвэрийн нийт хэрэгцээт төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал зэргийг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн төмөр замаар холбогдсон ордуудаас тээвэрлэх бөгөөд энэ нь эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй хамгийн боломжит тээвэрлэлт юм. Эдгээр ордуудад Архангай аймгийн Тамирын голын бүлэг орд, Булган аймаг Бүрэгхангай сум Худаг байшинтын төмрийн орд, Дархан-Уул аймаг Төмөртолгойн орд, Сэлэнгэ аймаг Төмөртэй, Баянголын орд, Хэнтий аймаг Баргилтын орд зэрэг хамаарна. Төслийн дагуу үйлдвэрлэлийн түүхий эд болох шууд ангижруулсан (DRI), хаягдал төмөр, кокс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Шингэн ганг хоёр урсгал бүхий тасралтгүй цутгах машинаар 130×130 мм, 150х150 мм хөндлөн огтлолын талбай бүхий бэлдэц-биллет үйлдвэрлэнэ. Цутгамал бэлдцийг дахин халааж цувиж D14-D35 мм голчтой цувимал ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Барилгын арматурын үйлдвэрийн 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага болон бусад бүх хүчин зүйлийг тооцож, шууд ангижруулсан төмөр тасралтгүй ачаалах систем, шингэн ширэм ачаалах, ШАТ хайлах Японы NIKKO фирмийн 25 тоннын ультра өндөр чадлын (UHP AC EBT) цахилгаан нуман нэг зуух, шанаганд боловсруулалт хийх 25 тоннын (LF) төхөөрөмж нэг ширхэг, Японы MHESIS фирмийн дөрвөлжин биллет тасралтгүй цутгах 2 урсгалт 1 машин (CCM) байхаар сонгов.
Энэ сонгосон агрегат нь “хэт өндөр чадлын (UHP) цахилгаан нуман зуух”, “шингэн металлыг боловсруулах шанага”, “хоёр урсгалаар биллет цутгах тасратгүй цутгах машин” үндсэн агрегатуудаас тогтсон шингэн металл боловсруулах систем бөгөөд халуун металл цацагдахаас хамгаалагдсан, шаарыг шүүж авах, шанаганд аргоны хийгээр боловсруулах, тасралтгүй цутгах зэрэг процессыг тодорхой өгөгдлийн дагуу шингэн металл үйлдвэрлэл, химийн найрлага, цэвэршүүлэх болон зуухны гаднах боловсруулалтыг хянах болон удирдах ажлыг программ удирдаж хийх боломжтой бүрэн автоматжуулагдсан үйлдвэр байна.
Цувимал үйлдвэрлэх цех нь дахин халаах зуух, эхлэн цувих машин, завсарын болон төгсгөлийн цувих машин, хөргөх тавцан, бүтээгдэхүүнийг тайрах, боох тоноглолуудаас бүрдэнэ.
Төслийн дагуу жилд 100,000 мянган тонн D10-D35 мм халуунаар цувигдсан ган туйван буюу ган цувимал үйлдвэрлэнэ. Төслийн төлөвлөлтийг Монгол улсад мөрдөж буй MNS JIS G 3112 стандартын дагуу үйлдвэрлэлийг явуулна.